Бяцхан булан-2
Ойрд уулзсангүй шүү бяцхан булан минь ^~^.
Гадаа тэнгэр бүүдийж ирээд л жижигхэн жижигхэн хөвсгөр цас бударч байна, ийм л урт өдөр зузаан ороолтоор өөрийгөө хучиж аваад, хэн нэгэнд дулаахан зурвас илгээчихмээр санагддаг сан. Харин дараа нь аяга халуун кофе урдаа тавиад түргэн түргэн алхалж буй хүмүүст та нар ч гэсэн энэ өхөөрдмөөр жижигхэн цаснуудыг харж байгаа тийм ээ? гэж өөртэйгөө ярьж байдаг юм.
Өөрөөсөө ямар нэг зүйлийг <сайнтай муутай> нь тэмтэрч олно гэдэг миний хувьд их чухал санагдаж байгаа. “Бүтэлгүй” ч гэх үү? “уймраа” ч гэх үү? нэг тийм сонин нөхцөл байдлыг зарим үед өөртөө үүсгэж байдаг гэдгээ мэдэх хүртэл зүгээр л байлаа.
Иймдээ ч ойрд “дуртай” “үнэн” зүйлүүддээ цаг хугацаагаа хуваалцах нь зөв гэж бодож байна.
Юуг ч юм бэ ойлгоход, мэдэхэд бас ямар нэг зүйлс тохиолдоход тохирох цаг хугацаа гэж байдаг гэдэг дээ.
10 жилд байхдаа “хүнийг гэм нүгэлтэй нь хамт хайрла” гэдэг эшлэлийг басхүү номтой нь хамт ойлгоогүй учир жүжгийг нь намраас хойш үзэх сэн гэсэн хүслээр дүүрэн басхүү хүлээлтээр ч дүүрэн байсан билээ.
Үзэгдэл дундуур уйлуулж бас хайрлуулж чадсан болохоор Соня болон түүний аавын дүр хамгийн их таалагдсан. Гэр лүүгээ харих замдаа ч хэн нэгэнд яримаар бүүр мэгштэл уйлмаар л байсан. Хүний хамгийн том яллагч нь “өөрөө” байхад хэчнээн олон хүн өөр хүмүүсийн нэмсэн гэм нүглийг өөртөө тээж яваа бол?…
Гадаа цас орж байна…
Т.Ааяа 2022.03.13